/ Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт / Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт

Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт

Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Цагдаагийн байгууллага, ажилтан, албан хаагчдаас Монгол Улсын  хууль тогтоомж, төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, цагдаагийн байгууллагын стратегийн  зорилтыг хангахад энэхүү үйлчилгээний стандартын зорилго оршино.

1.2. Энэхүү стандартыг иргэд, байгууллагаас  мэдээлэл хүлээн авах, өргөдөл, гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, иргэдийг түр саатуулах, эрүүлжүүлэх, замын хөдөлгөөний зохицуулалт хийх, техник бүртгэл, үнэмлэх олгох, гээгдсэн эд зүйлийг бүртгэх, олгох үедээ цагдаагийн байгууллагын нийт алба хаагчид дагаж мөрдөнө.

1.3. Энэ стандарт нь төрийн албыг зөв явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ алба хаагчдыг холбогдох хууль тогтоомж болон тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг чанд биелүүлэхэд чиглэгдэнэ.

Хоёр. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйлчилгээний зарчим

2.1. Хуулийг дээдэлж, шударга, ёс, тэгш байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ.

2.2. Байгууллагын болон төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ.

2.3. Ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын соёл, дэг журмыг сахина.

2.4. Ажил үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч  ялгаварлаж хандахгүй, үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэнэ.

2.5. Үйлчилгээний таатай орчинг бүрдүүлнэ.

2.6. Ажил хэрэгч албаны шинжийг чухалчилна.

2.7. Соёлтой, шуурхай үйлчилгээг эрхэмлэнэ.

2.8. Өөрийгөө байнга хөгжүүлж, ур чадвараа дээшлүүлнэ.

Гурав.  Үйлчлүүлэгчтэй харилцах стандарт, тавигдах шаардлага

3.1. Үйлчлүүлэгчтэй утсаар харилцахдаа “Амрыг эрье. ……………… аймгийн цагдаагийн газрын жижүүрийн туслах, цагдаагийн ахлагч…………….таныг сонсож байна. Танд юугаар туслах вэ?” гэж өөрийгөө танилцуулан яриагаа эхлүүлнэ.

3.2. Үйлчлүүлэгчтэй нүүр тулан харилцахдаа “Амрыг эрье. ……….аймгийн цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлагч ……. байна. Танд юугаар туслах вэ?” гэж яриагаа эхлүүлнэ.

3.3. Үйлчлүүлэгчтэй харилцахдаа ёсолж хүндэтгэнэ.

3.4.  Эелдэг, оновчтой, зөв үг хэллэг хэрэглэн үйлчлүүлэгчийн өөдөөс нь харж, хүндэтгэлтэй хандан сонсогдохоор ярьж, харилцана.

3.5. Дуудлага болон мэдээллийг хүлээн аваад цагдаагийн байгууллагаас хийх ажиллагааг тэдэнд ойлгомжтой тайлбарлаж өгнө.

3.6. Гомдол, мэдээлэл гаргагчийн овог, нэр, хаяг, утсыг найрсгаар асууж, бүрэн гүйцэд тэмдэглэнэ.

3.7. Үйл хөдлөл, зан үйлээрээ найрсаг байна.

3.8. Үг яриаг  нь анхааралтай, таслалгүй хүлээцтэй сонсоно.

3.9. Үйлчлүүлэгчийн зорилгыг ойлгож, түүнийг хуулийн хүрээнд биелүүлэх талаар санаачилга  гаргаж ажиллана.

3.10. Үйлчлүүлэгчтэй харьцахдаа албаны соёлтой асуулт, хэллэгийг хэрэглэж хүндэтгэн харьцана.

3.11. Шаардлагатай тохиолдолд байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг тайлбарлан өгнө.

3.12. Асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд бүрэн шийдвэрлэж өгөх буюу өөрийн эрх үүрэгт хамааралгүй асуудлыг холбогдох алба, газар, хэлтэс, ажилтанд хандаж шийдүүлэхийг тайлбарлаж ойлгуулна.

3.13. Хугацаа шаардагдах асуудлаар хандсан тохиолдолд тодорхой хугацаа өгнө.

3.14. Алба хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас алдаа гаргасан тохиолдолд буруугаа хүлээн уучлал эрж, түүнийгээ засах талаар шаардлагатай арга хэмжээ авна.

3.15. Үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны төгсгөлд  Үйлчлүүлсэн явдалд баярлалаа” гэж яриагаа эелдгээр дуусгана.

3.16. Үйлчлүүлэгчийн зүгээс тааламжгүй харьцсан ямар ч тохиолдолд  эелдэг тайван байдалтай байж, сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлтийг илэрхийлэхгүй байна.

Дөрөв. Алба хаагчийн хувцаслалт, гадаад төрх

4.1. Алба хаагч нь ажлын байранд цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг холбогдох дүрэмд зааснаар хэрэглэнэ.

4.2. Алба хаагч нь гадаад төрхөөрөө цэвэрч, соёлтой, ажил хэрэгч, үйлчлүүлэгчид таатай сэтгэгдэл төрүүлэхээр байна.

Тав.  Үйлчилгээний үед хориглох, цээрлэх зүйлс

5.1. Алба хаагч нь ажиллаж байгаа байгууллага, түүний удирдлага болон үйлчлүүлэгч, олон нийтийн хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа байдал гаргахыг хориглоно.

5.2. Үйлчлүүлэгчтэй харилцахдаа өөр хүмүүстэй зэрэг ярих, анхаарлаа өөр зүйлд хандуулах, өөр тийш харж ярих, үндэслэлгүйгээр хүлээлгэх, тэдний тавьсан асуултад үндэслэлгүйгээр хариулахаас татгалзах зэргээр бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэнэ.

5.3. Үйлчлүүлэгчийг ялгаварлан хандаж гадуурхах, үл тоомсорлосон сэтгэгдэл төрүүлхүйц үйлдэл хийх, хүнд суртал гарган үндэслэлгүй чирэгдүүлэх, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргах, уурлах, үгүйсгэх, өөрийг нь шалтгаангүйгээр буруутгах, танил тал харж, хувийн ашиг сонирхлын үүднээс хандах, бусдын нөлөөнд автах, аливаа иргэн болон байгууллагын эрх ашгийг илүүд үзэхийг хориглоно.

5.4. Үйлчлүүлэгчтэй маргалдах, хэл амаар доромжлох, дэл сул ач холбогдолгүй үг яриа, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, шивнэлдэх, инээлдэх, залхсан, эсвэл уцаарласан өнгөөр харьцах зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэнэ.

5.5. Үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлтийг үл тоомсорлон ач холбогдлыг бууруулах, бие даан шийдвэрлэх боломжтой асуудлыг хариу өгөхгүй орхих, гуравдагч этгээдийг буруутан болгох, бусдад шилжүүлэх зэрэг зохисгүй байдал гаргахыг хориглоно.

5.6. Ажил үүргийн дагуу олж авсан үйлчлүүлэгчийн хувийн болон бизнесийн нууцтай  холбоотой мэдээллийн талаар бусдад ярих, тарааж дэлгэрүүлэх, урвуулан ашиглахыг цээрлэнэ.

5.7. Үйлчлүүлэгчээс шан харамж, бэлэг сэлт, бусад санхүүгийн туслалцаа шууд болон шууд бусаар хүлээж авахыг хориглоно.

5.8. Ажил төрөлд холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах, худал мэдээлэл өгөх буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж, цаг алдагдуулахыг хориглоно.

5.9. Үйлчилгээний явцад болон цагдаагийн дүрэмт хувцастай олон нийт, үйлчилгээний газар тамхи татахыг цээрлэнэ.

Зургаа. Үйлчилгээний стандарт зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

6.1. Энэхүү үйлчилгээний стандартыг зөрчсөн алба хаагчдад Цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Долоо. Бусад

7.1. Үйлчилгээний стандартын хэрэгжилтэд цагдаагийн албад, газар, хэлтэс, тасаг, хэсгийн дарга нар өдөр тутам хяналт тавьж ажиллана.

7.2. Энэхүү үйлчилгээний стандартын хэрэгжилтийг жилийн эцэст дүгнэж, шуурхай, соёлч үйлчилгээ бүхий нэгж, алба хаагчийг шалгаруулж болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна