/ Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрмээр цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэх явцад дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааны хүрээг тодорхойлно.

1.2. Цагдаагийн байгууллагын өмнө тавигдсан зорилтыг амжилттай хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, цагдаагийн алба хаагчаас хуульд заасан эрх үүргээ ёсчлон биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.

1.3. “Цагдаагийн алба хаагчаас өргөсөн тангарагтаа үнэнч байж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад үйл ажиллагаандаа эрхэмлэвэл зохих зан үйлийн нийлбэр цогц” – ыг цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ гэнэ.

1.4. Иргэд болон татвар төлөгчдийн хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн аливаа асуудалд шударга, шуурхай хандан, хууль ёс дээдлэх явдлыг биеэр үлгэрлэн үзүүлэх нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээний үндэс мөн.

1.5. Цагдаагийн алба хаагчийн ёс зүй нь албан үүргээ амжилттай гүйцэтгэх үндсэн нөхцөлийн нэг тул алба хаагч нараас ёс зүйн хэм хэмжээг заавал сахин биелүүлэхийг шаардана.

1.6. Цагдаагийн офицер, ахлагч, цагдаагийн академийн сонсогч, энгийн алба хаагчдад энэ дүрэм үйлчилнэ.

Хоёр. Ёс зүйн хэм хэмжээ

Цагдаагийн алба хаагч нь өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс зүйн доорхи хэм хэмжээг дагаж мөрдөнө.

2.1. Цагдаагийн алба хаагч нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хуулийг дээдэлж, шударгаар ажиллана.

2.2. Цагдаагийн алба хаагч нь албаны нэр төрийг цэвэр ариун байлгаж, түүний хөгжил бэхжилтэнд бодитой хувь нэмэр оруулж ажиллана.

2.3. Цагдаагийн алба хаагч нь мэдлэг, боловсрол, сахилга хариуцлага, зан байдлаараа иргэд олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээж ажиллана.

2.4. Цагдаагийн алба хаагч нь үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний болон албаны нууцыг чанд хадгалж хууль ёсны шийдвэр гараагүй байгаа хэрэг, маргааны тухай өөрийн санал бодлыг урьдчилан илэрхийлэх, олон нийтэд мэдээлэх, амлалт өгөхийг хориглоно.

2.5. Алба хаагч нь цагдаагийн байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагын зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, дээд байгууллага, албан тушаалтнаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлэхээс гадна нөхдийнхөө албаны ажилд хүндэтгэлтэй хандан тэдний үйл ажиллагаандаа хөндлөнгөөс нөлөөлөхгүй байна.

2.6. Цагдаагийн алба хаагч нь албан тушаал, хуулиар олгосон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглах, албан үүргээ биелүүлсэнтэй холбогдуулан шан харамж бэлэг сэлт бусдаас авах, шахаж шаардах, ятгах, жуучлах, хуульд харш болзол тавих, албаны нэрээр түрий барих, далайлган сүрдүүлэхийг цээрлэнэ.

2.7. Цагдаагийн алба хаагч нь хүнд суртал гаргах, иргэдийг чирэгдүүлэх, хүнлэг бус харьцах, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь хууль бусаар халдах, танил тал харах, бусдын нөлөөнд автах, хувийн сонирхлоор болон харъяалалын бус хэрэг, маргаанд оролцохыг хориглоно.

2.8. Цагдаагийн алба хаагч нь боловсрол, мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлж зан төлөвийн муу зуршил, дутагдал гаргахгүй байна.

2.9. Цагдаагийн алба хаагч нь гэр бүл, үр хүүхдээ халамж анхааралтай байж, ёс суртахууны нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөхийг өөрийн журамт үүргээ гэж үзнэ.

2.10. Цагдаагийн алба хаагч нь байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйлс, албан хэрэгцээний мэдээ, материал, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглах цээрлэнэ.

2.11. Цагдаагийн алба хаагчид:

Дүрэмт хувцастай

Ажлын цагаар

Ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэх.

Гурав. Ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх ажиллагаа

3.1. Ёс зүйн хэм хэмжээ нь цагдаагийн алба хаагч байх, албан тушаал дэвших, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулахад харгалзах үзүүлэлт болно.

3.2. Цагдаагийн алба хаагч өөрийн ёс зүйн төлөвшлийг хариуцахаас гадна бүх шатны дарга нар тэдний ёс зүйгээ сахин биелүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх, өөрийн биеэр үлгэрлэх зэргээр алба хаагчийнхаа ёс зүйн төлөвшлийн төлөө хариуцлага хүлээнэ.

3.3. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн төлөвшил нь ухамсар дээр тулгуурлахаас гадна албаны онцлогийг харгалзан байгууллагын даргын тушаал гаргаж дотоод журам тогтоож болно.

3.4. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох, шалгах, дүгнэхдээ алдар цол, албан тушаал, ажилласан жил гэж ялгаваралгүйгээр хандах зарчмыг баримтлана.

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээний зөрчил,түүнийг хянан шийдвэрлэх

4.1. Энэ дүрмийн 2 дугаар бүлэгт заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг ёс зүйн зөрчил гэнэ.

4.2. Ёс зүйн хэм хэмжээний зөрчлийг дараах үндэслэлээр шалгана.

а/ Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллээр

б/ Хэвлэл мэдээллийн хэрэгслийн шүүмжлэлээр

в/ Шаардлагатай гэж үзвэл удирдлагын санаачлагаар

4.3. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн цагдаагийн алба хаагчийн асуудалд албаны шалгалт явуулж сахилгын шийтгэл оногдуулах саналаа цагдаагийн алба, газар, хэл зүйн даргын зөвлөлд оруулж Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг баримтлан шийдвэрлэнэ.

 

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна